Улсын иргэн гэж хэнийг хэлэх вэ?

Монгол улсын иргэн гэдэг нь Монгол улсын харъяат гэдгийг нотлох баримт бичиг бүхий этгээд байх бөгөөд энэхүү нотлох бичиг баримтад төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг олгоно. Мөн Монгол Улсын “Харъяатын тухай хууль”-д заасан журмын дагуу Монгол Улсын иргэн болсон, түүнийг нотлох баримт бичигтэй гадаадын иргэнийг Монгол улсын иргэнд хамааруулна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-д нэмэлт өөрчлөлт орж, иргэн бүрт газар өмчлүүлэх болгосноор өмнө нь өмчлүүлж байсан газрын дээд хэмжээ байршил өөрчлөгдсөн үү?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7,1 дэх хэсэгт иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний байршилыг зориулалаас хамааран дараах байдлаар тогтоосон.
• Нийслэлд 0,07 хүртэл га
• Аймгийн тадв 0,35 хүртэл га
• Сумын төв, тосгонд 0,5 хүртэл га
• Нийслэлийн аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0,07 хүртэл га
Гэвч иргэн бүрт газар өмчлүүлэх болсонтой холбогдуулан газрын нөөц багатай зарим орон нутагт тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээг хуулинд заасан хэмжээнд багтаан тогтоож болно.

Багахангай дүүрэгт 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нефть боловсруулах үйлдвэрийн зориулалтаар зохих журмын дагуу газар эзэмших гэсэн юм. Хаана, хэнд хандах вэ?

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхгүй зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулах бөгөөд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу гэрээний хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдох боловч 60 жилээс илүүгүй байна. Тухайн аж ахуйн нэгж газар ашиглах тухай хүсэлтээ эрх бүхий Засаг даргад гаргах бөгөөд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар ашиглуулах тухай тогтоолыг үндэслэн Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулна.

Газар эзэмших, өмчлөх эрхийн ач холбогдол ялгаа, зааг юунд байна вэ?

Газар эзэмших, өмчлөх эрх нь хууль зүйн хувьд нэлээд ээдрээтэй ойлголт байдаг. Танин мэдэхүйн талаас нь товч ойлголт өгөхөд эзэмших эрх нь гэрээний үндсэн дээр үүсч түүгээр баталгааждаг үүргийн эрхийн харилцаа тул төр, түүнийг төлөөлөх эрх бүхий Засаг дарга болон иргэн та хоёрын ашиг сонирхлын нэгдлээс ихээхэн хамаардаг бол иргэн та газрыг өмчилснөөр хуулийн дагуу уг газар таны мэдлийнх болж, өмчийн эрхийн харилцаа үүсэх бөгөөд ийнхүү таны газар өмчлөх эрх нь хуулийн хамгаалалтанд орж, аливаа эрсдлээс бүрэн хамгаалагдана. Жишээ нь, та хувийн өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэрээр таны хувийн өмчийн газрыг хураана.

Газар өмчлөн авах иргэдэд эрхийн ямар нэг хязгаарлалт тавих уу?

Хуулиар эрхийн ямар нэг хязгаарлалт байхгүй. Харин та дараахь шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: - Монгол улсын иргэн байх - Холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяа баг, хорооны иргэний бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай.

Газрыг дундаа хэсгээр хамтран өмчлөх, дундаа хамтран өмчлөхийн ялгаа зааг нь юунд байна вэ?

Эд хөрөнгийг хэсгээр буюу дундаа хамтран өмчлөхийн ялгаа заагийг Монгол улсын Иргэний хуулиар илүү тодорхой заагласан байгаа. Эдгээр нь дундын өмчийн үндсэн хэлбэр бөгөөд Газрын тухай хуулиар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан дээрх хоёр хэлбэрийн аль алинаар өмчлөн авахаар зохицуулсан байдаг. Иргэний хуулийн нийтлэг зарчмын дагуу хамгийн товчхоноор хэлбэл энэ хоёр хэлбэрийн зохицуулалтын гол ялгаа нь тухайн гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг арчлан хамгаалах, ашиглахтай холбогдсон аливаа зардал, татвар, хураамжийг дундаа хэсгээр хамтран өмчлөгчид нь өөрт оногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцахын зэрэгцээ дундын өмчийн газраас олсон орлого, үр шимийг хүртэх болон мөн аливаа үүргийн гүйцэтгэлийг хангахад дундаа хэсгээр хамтран өмчлөгчид нь өөрт оногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь харилцан тэнцүү хэмжээгээр тус тус хариуцна. Иймд та бүхэн гэр бүлийн хамтын хэрэгцээндээ газрыг өмчлөхдөө дээрх хоёр хэлбэрийн алийг нь сонгохоо сайтар зөвшилцөж, хэрэв хэсгээр хамтран өмчлөх тохиолдолд гэр бүлийн гишүүн тус бүрийн газрын хэмжээ, заагийг кадастрын зурагт тодорхой тусгуулах нь аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Газрын сервитут гэж юуг хэлж байна вэ?

Газрын сервитут гэдэг нь бусдын газрыг хязгаартай ашиглах эрхийг ойлгох бөгөөд эзэмших эрх үүссэн болон иргэний хувийн өмчийн газарт сервитут тогтоож болно. Газрын сервитут нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрөлтэй байна. Нийтийн сервитутыг зөвхөн хувийн өмчийн газарт эрх бүхий Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр тогтоож болно. Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө хэвийн ашиглах, хамгаалах нөхцлийг бүрдүүлж өгөхийг газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бусдын газар дээгүүр дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. Харин Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг дарга нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэний хувийн өмчийн газарт уг газраар дамжин өнгөрөх, уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих, намагжилтыг багасгах ажил хийх, газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор түр буюу байнгын шинжтэй нийтийн сервитут тогтоож болно. Хэрэв нийтийн сервитут тогтоосноос иргэний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Харин иргэний өмчийн газарт хувийн сервитут тогтоох асуудлыг Иргэний хууль тогтоомжоор зохицуулах бөгөөд энэ талаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудын эрх, үүрэг баталгаажина.

Газрын харилцааны талаарх хууль тогтоомж, дүрэм, журмыг хаанаас олж үзэх вэ?

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль тогтоомжийн албан ёсны эх сурвалж болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн холбогдох дугаарууд, мөн Хууль зүйн үндэсний төв, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас хамтран эмхэтгэсэн "Газар эрх зүйн баримт бичгийн эмхтгэл"-ээс шаардлагатай хууль, тогтоол, дүрэм, журамтай танилцаж болно.

Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай холбоотой ямар журмууд үйлчилж байна вэ?

Газрын тухай хуулиудыг даган олон журам гарсан бөгөөд эдгээрээс Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам", "Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам", "Газар зохион байгуулалт хийх журам", "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам", "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам", "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам", "Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам" болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 165, 218 дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам", "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал" зэрэг журам, аргачлал нь газрын хуулиудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг харилцан адилгүй утгаар ойлгож, тайлбарлаж, сурталчилж байна. Үүнийг хуулиар зохицуулсан зүйл байдаггүй хэрэг үү?

Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу хуулийн албан ёсны тайлбарыг зөвхөн Улсын дээд шүүх хийх эрхтэй бөгөөд хууль сурталчлах ажлын хүрээнд хийгдэж байгаа хуулийн тайлбар, сурталчилгаа нь албан ёсны бус тайлбарт хамаардаг болно. Жишээ нь таны уншиж байгаа энэхүү газрын харилцааны талаарх эдгээр асуултын хариултууд нь хуультай зөрчилдсөн тохиолдолд зөвхөн хуулийн зүйл заалтыг баримтлах болно.

Улаанбаатар хотын бүсчлэлийн хил хязгаар